Зан заншил, зан үйл

Хүний амьдралыг зохицуулагч оюун санааны хэм хэмжээ бол үндэстний уламжлалыг агуулсан зан заншил, зан үйл юм. Зан заншил, зан үйлийг хэн нэгэн эрдэмтэн зохиогоогүй бөгөөд ард түмний сэтгэлгээний хүчээр үүсч, амьдралын явцад тогтож, үеэс үед дамжин цаг хугацааг туулан бидний амьдралын оюуны соёлын нэгээхэн хэсэг болон устаагүй үлджээ. Цаашдаа ч устахгүй бизээ. Учир нь зан заншил бол хүний оюун санаанд тулгуурлан оршин байдаг бөгөөд аман хэлбэрийн аж төрөх ёс, нийгмийн харилцааны хэм хэмжээ юм. Ардын зан заншил, зан үйл нь үндэстэн, угсаатныг тодорхойлогч болж, монголчуудын оюуны соёлд зонхилох байр суурь эзлэн нийгэм, гэр ахуй, мал аж ахуйгаа хөтлөх, аж төрөх ёсонд зохих тусгалаа олж мөрдөгдөн хэвшиж, уламжлагдсаар дэвшилт шинэ заншил болон зан үйлээр баяжсаар иржээ. Угсаатан болгон өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогыг агуулсан заншилтай байдаг. Монгол ардын заншил, ёс горимын ухагдахуунд:

- хүндлэх, мэндлэх ёс, - ураг төрөл, өрх гэрийн ёс, - хүүхэдтэй холбогдох ёс, - нүүдэл суудлын ёс, - талийгчийг нутаглуулах ёс, - хурим найрын дэг ёс гэх мэтчилэн ёс горимууд хамаарагдана.

Хүндлэх ёсон:

Монголчуудын дунд хэвшсэн хүмүүсийн хоорондох харилцаатай холбоотой заншилд хүндлэх ёс нь чухал байр суурьтай бөгөөд манай ард түмэн үеийн үед ахмад настан, эцэг, эх, ах, эгч, дүүсээ хүндэлсээр ирсэн нь өнөө үед ч хэрэглэгдсээр байгаа билээ. Хүн хүндэтгэх ёс горим бол бие биенээ дуудахаас эхэлдэг бөгөөд өрх гэрийн гишүүдийн ахлах захлах ёсноос уламжлагдан заншжээ. Хүндлэх ёсонд насаар дүү хүн нь ахмад настантай хүндэтгэлтэйгээр харьцах явдал бөгөөд эрт үед ахмад настай хүний дэргэд тамхи татах, архи уух зэргийг цээрлэдэг гэсэн уламжлал байсан нь хүндлэлийн нэг хэлбэр байсан ажээ. Түүнчлэн хүндлэх ёсонд авгайлах хэлбэр ихэд дэлгэрсэн нь эдүгээ ч бас хэрэглэгдсээр байна.

Мэндлэх ёсон:

Мэндлэх ёсонд мөн ялгаагүй насаар дүү хүн нь ахмад настныхаа мэндийг мэдэхийн тулд мэндчилгээг хэрэглэдэг. Түүнээс гадна монголчууд мэндлэх ёсны баялаг хэллэгтэй бөгөөд жилийн дөрвөн улирлын байдалтай зохицсон хэлбэртэй байжээ. Тэдгээр мэндлэх үгсээс дурдъя, Үүнд:

Зуны улиралд: Сайхан зусч байна уу? Мал тарга авч байна уу? Ногоо, цагаа элбэг үү?

Намарт: Тарган сайхан намаржиж байна уу? Мал сүрэг сайн авав уу?

Өвөлд: Өнтэй тарган өвөлжиж байна уу? Зутрахгүй мэнд байна уу?

Хаварт: Сайхан хаваржиж байна уу? Өвөлдөө мал сүрэг тарган оров уу? гэх мэтээр цаг улирлыг харгалзан үзэж, эрхэлж буй ажил үйлстэй холбоотойгоор мал сүрэг, аж ахуйгаа өөдрөг байхыг эрхэмлэн дээдлэхийн бэлэгдэлтэй холбоотой байсан юмсанж.

Ер нь мэндлэх ёсны зорилго нь ажил үйлсийг нь ерөөх, бие биендээ талархал илэрхийлэх бөгөөд харилцаж буй хүндээ мэндчилгээгээрээ дамжуулан амар амгаланг айлтгадаг байжээ. Мөн хүний үйлдэн бүтээж буй хөдөлмөрийг ерөөдөг мэндчилэх ёс өргөн уламжлагдсан байна. Тухайлбал:

Унгас ноос савж буй үед:

- Саваа шандас

Савсан ноос мяндас болох болтугай гэж ерөөн мэндлэхэд ноос савж буй хүмүүс – Ерөөлөөр болог хэмээн хариу талархал илэрхийлдэг байна.

Сааль сааж буй үед:

-Хонь сүүтэй болог! -Саасан сав дүүрэг!

Эсгий хийж байх үед:

-Дун шиг цагаан

Дурдан шиг артай болтугай!

-Бухын дух шиг бужийж

Азарганы сайр шиг

Арзайж байтугай! хэмээн ажил үйлсийг нь ерөөдөг байжээ. Эдгээр ерөөлийг хүлээн авч хариуд нь -Тэр ерөөл бат оршиг! -Ерөөл шингэж байг! гэх зэргээр хариуг тус тус илэрхийлдэг байна. Эдгээрээс үзвэл монголчууд эрт үеэс л ахуй амьдралдаа мэндчилэх ёсыг ерөөл хэлбэрээр хэрэглэж ирсэн нь заншил болон хувирч, эцэст нь өнөөг хүртэл хэрэглэгдсээр байна.

Ураг төрлийн ёсон:

Монголчуудын ахуй амьдралд ураг төрлийн горим нь нэн чухал байр суурь эзэлдэг бөгөөд энэ нь эртний уламжлалтай дэг ёс юм. XIX зууны сүүлч, XX зууны эхин үед монголчуудын дунд байсан хатуу чанд заншил бол нэг омог, яснаас ураг төрөл болохыг хатуу цээрлэсэн. Учир нь нэг омог, ястантай ураг садан бололцвол цус ойртолт хэмээх аюулт зүйл бий болох тул үүнийг хориотой хэмээн үзэж байв. Иймд охиноо хүнд өгөх, хүүдээ бэр сонгохдоо нутаг орны холыг эрхэмлэдэг байжээ. Тиймээс ч <<Уул усны ойр нь дээр, ураг төрлийн хол нь дээр>> гэсэн үг гарсан бололтой. Түүнээс гадна хүүхдүүдээ бага балчир байхад нь ивээл жилтэй эсэхээс нь шалтгаалан сүй тавих ёс ихэд дэлгэрсэн. Энэ нь хойшдоо гарах сөрөг үзэгдлээс сэргийлдэг байсан бөгөөд монгол цаг тооны 12 жилийн ивээл жилүүд нь хоорондоо гэр бүл болвоос аз жаргалтай байх болно хэмээн эрт үед үздэг байв. Түүнчлэн охин хүүхэд 17 нас хүрвэл айлд бэр болоход нас гүйцсэн, хүү нь 18 хүрвэл өрх гэрээ толгойлох өрхийн тэргүүн болоход нас гүйцсэн гээд хөрөнгө таслан өгч тусгаарладаг заншил нилээд түгээмэл байжээ.

Ураг төрлийн ёс нь олон зан заншил, ёс горимтой байсан. Үүнд: хадаг барих ёсон, бэр гуйх, сүй тавих, сүй хүргэх, хуримын бэлтгэл, их хурим, хуримын дараах ёслол зэрэг олон шат дамжлагтайгаар ураг төрөл бололцдог байжээ. Эдгээр нь хэд хэдэн үе шаттай бөгөөд тус бүрдээ тодорхой утга агуулга илэрхийлсэн зан үйлтэй байсан болно. Хүүгийн тал нь бэрээ их олон талаас нь шинжиж үзсэний үндсэн дээр бэр болгон авдаг ажээ. Тухайлбал: Өөр нутгийнх байх, үйлэнд уран байх, сайхан зан ааштай байх, ажилсаг хөдөлмөрч байх гэх зэрэг зүйлээр нь онцлон шинждэг байв. Хэрэв эдгээр шинжүүд бүрдсэн эмэгтэй байх юм бол хүүгийн тал бэр болох охины тал руу өөрсдийн шилж сонгосон зуучаа илгээн, сарын сайн өдрийг харж байгаад ураг барилдах охиноо гуйж байгаагаа мэдэгдэн эцэг эхэд нь ургийн үг хэлээд хадаг барьдаг ёстой юм байна. Томилогдсон зууч зорьсон айлдаа очоод:

-Танайд үр төлийн хэрэгтэй ирлээ

Танайд хонин жилтэй арван найман настай

Танхил хонгор охин бий гэнэ

Манайд нэг хүү бий

Түүнийхээ утааг үзэж орон гэр болгох хүсэлтэй явна

Та бүгдийн ууж хормой

Уужим суганд багтааж гэр бүл болгох ийм хүсэлтэй явна гэсэн утга санаа бүхий уран үгс хэлдэг байна. Охины эцэг эх хүүгийн жилийг өөрийн охины жилтэй харш уу ивээл үү гэдгийг бодолцон үзээд хариугаа хэлдэг бөгөөд хэрэв ивээл байвал зөвшөөрөөд томилогдсон зуучтай бэр гуйх өдрийг товлон хэлэлцээд зуучийг буцаадаг ажээ. Дараа нь товлосон өдөр хүүгийн талын гэр бүлийн гишүүд болон зууч нар бэр гуйхаар хадам болох хүний гэрийг зорин инж бэлгээ өгөн ёслол үйлддэг. Үүнийг ёс төртэй ураг төрөл бололцох хэмээн үзэж болно.

Өрх гэрийн ёсон:

Өрх гэрийн ёс гэдэг бол тухайн өрхөд өрхийн гишүүдийн гүйцэтгэх үүргийг илэрхийлдэг. Гэрийн эзэн зүүн хоймор, орны дээд авдрын өмнөх хэсэг, гэрийн эзэгтэй гал тогооны хэрэгслийн дээд тал, бүстэй багачууд гэрийн баруун урд хэсэгт суудаг боловч хүүхдийн суудал гэсэн тогтоосон байр байхгүй , харин зочид гэрийн баруун дээд хойморт гэх зэрэг байрлалд сууна гэсэн хуваарилалттай.

Монголчуудын өрх гэрийн ёсонд хөдөлмөрийн хуваарилалт нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь хийх ажлаа зөв хуваарилж авснаар ажлын бүтээмж өндөртэй байдаг байна. Гэрийн эзэн нь хүчний ажлыг эрхэлдэг. Бод малын уналга эдэлгээ, хашаа саравч барих, өвс тэжээлээ бэлтгэх гэх мэт. Харин эмэгтэйчүүд хүчний ажилд тэнхээ хүрэхгүй тул бог малаа хариулах, хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх гэх зэрэг үүргүүдийг гүйцэтгэдэг.

Хүүхдийн үс авах ёсон:

Хүүхдийн үсийг 3-5 нас хүрэхээр даахийг нь авч ах дүүсээрээ найрладаг ардын зан үйлт уламжлалт ёслол нь ард түмний дунд заншил болсон үйл явдал юм. Энэ үйл явдал нь тодорхой хэмжээний тогтсон заншилтай. Монголчууд эрэгтэй хүүхдийн даахийг 3, 5 насанд нь, эмэгтэй хүүхдийн даахийг 4, 6 настайд нь тус тус үргээдэг байна. Харин энхрий хүүхдийн хувьд 7 настайд нь даахийг нь үргээдэг ёстой ажээ. Хүүхдийн дайх үргээх өдрийг зуны дунд сар, намар, шинийн 8, 15-нд даваа болон баасан гаригуудад сонгох хэрэгтэй байдаг. Хамгийн түрүүнд даахь хөндөх хүн бол тухайн хүүхэдтэй ивээл жилтэй хүн байх ёстой бөгөөд хүйс харгалздаггүй байна.

Гэрийн хүмүүжил олгох ёс: Монголчууд үр хүүхдээ нялх бага байхаас нь гаднаас аргал оруулах, аяга шаазан дөхүүлэх, улмаар 4-5 нас хүрэхээр нь мал аж ахуйн ажилд сургадаг. Энэ нь хүүхдийг бага балчир гэлтгүй ажилд сургах хэрэгтэй гэсэн заншил юм. Иймд эцэг эхдээ туслах гэсэн сэтгэл хүүхдээс илэрдэг. Түүнээс гадна эцэг эхийн сургаалиар дамжуулан хүүхдийн хүмүүжил тогтдог ажээ. Тухайлбал: Уурган дээгүүр алхдаггүй, Босгон дээр гишгэдэггүй гэх мэт. Эдгээр нь хүүхдэд болдоггүй юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлж, юу нь болдог, юу нь болдоггүй вэ гэдэг дээр ялгаж салгаж дүгнэхэд нь тус дөхөм болдог.

Нүүдэл, суудлын ёсон:

Монголчууд дөрвөн цагийн нутагтай, малаа дагаж, амьдардаг ард түмэн. Тиймдээ ч байнга бууриа сэлгэн нүүх шаардлага гардаг. Энэ явцдаа нүүдэл суудлын ёсыг сахиж мөрддөг. Нүүж буй айл нь очих гэж буй нутаг усныхаа хүмүүст урьдчилан мэдэгддэг заншилтай байжээ. Түүнээс гадна өдөр гаригийн зөөлөн хатууг харж байгаад цэлмэг өдөр нүүдэллэдэг байна. Шинийн 5, 14, 23-ны өдрүүдийг гурван хорио, 3, 13, 23 –ыг 3-н 3-т нүүдэллэхгүй гэдэг заншлыг баримталдаг байв. Шинэ нутгийг сонгож буй айлууд очсон нутагтаа бууриа зөв сонгон, гэрээ горимын дагуу барьдаг заншилтай.

Эдгээр зан заншлууд нь дор бүрнээ өөрийн өөрийн гэсэн онцлогтой бөгөөд одоог хүртэл устахгүй хэвээр байгаа нь монгол ард түмэн дээрх зан заншлаа сахин хамгаалж явдагтай холбоотой. Ахмад хүмүүс залуу хойч үедээ сурган хүмүүжүүлж чадваас үеийн үед уламжлан тогтоох боломжтой юм.

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
сака (зочин)

хэрэгтэй байсан зүйл маань байна

GG (зочин)

сайн бна

oog (зочин)

vneheer goy niitlel bn ilyy goy goy medeegeer urugjyyleerei amjilt hysie

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)